Даниел 9:12-18 АБ2004

12 Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг болон биднийг захирдаг захирагчдын эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч тохиолдож байгаагүй.

13 Мосегийн хуульд бичигдсэнээр энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч бид өөрсдийн гэм буруугаас эргэж, Таны үнэнд анхаарал тавилгүй ЭЗЭН Бурханыхаа тааллыг хүсэмжлэн хайгаагүй.

14 Тийм учраас ЭЗЭН гамшгийг хадгалан хурааж, бидний дээр буулгасан. Юу гэвэл бидний Бурхан ЭЗЭН Өөрийн үйлдсэн бүх хэрэгтээ зөв шударга байдаг юм. Харин бид Түүний дуу хоолойг дагаагүй.

15 Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган, Өөрийгөө өнөөдрийнх шиг нэр алдартай болгосон бидний Бурхан Эзэн минь, бид нүгэл үйлдэж, харгисаар амьдарсан.

16 Эзэн минь, Таны бүх үнэн зөв үйлсийн дагуу Та Өөрийн хот Иерусалимаас буюу Өөрийн ариун уулаас уур хилэнгээ буцааж аваач. Учир нь бидний нүгэл болон бидний эцэг өвгөдийн гэм буруугаас болж Иерусалим ба Таны ард түмэн бидний эргэн тойрны бүх улсад ичгүүр гутамшиг болсон юм.

17 Тиймээс одоо бидний Бурхан, Өөрийн зарцын залбирал болон түүний гуйлтыг сонсоод, Эзэн минь, Өөрийн төлөө, Өөрийн нүүрний гэрлийг Таны хоосорсон ариун газарт тусгаач.

18 Бурхан минь ээ, сонороо талбиж, сонсооч! Мэлмийгээ нээж, бидний хоосрол ба Таны нэрээр нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид өөрсдийн үнэн зөвийн төлөө биш, харин Таны агуу энэрлийн төлөө Таны өмнө гуйлтаа өргөж байна.