Даниел 9:15-21 АБ2004

15 Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган, Өөрийгөө өнөөдрийнх шиг нэр алдартай болгосон бидний Бурхан Эзэн минь, бид нүгэл үйлдэж, харгисаар амьдарсан.

16 Эзэн минь, Таны бүх үнэн зөв үйлсийн дагуу Та Өөрийн хот Иерусалимаас буюу Өөрийн ариун уулаас уур хилэнгээ буцааж аваач. Учир нь бидний нүгэл болон бидний эцэг өвгөдийн гэм буруугаас болж Иерусалим ба Таны ард түмэн бидний эргэн тойрны бүх улсад ичгүүр гутамшиг болсон юм.

17 Тиймээс одоо бидний Бурхан, Өөрийн зарцын залбирал болон түүний гуйлтыг сонсоод, Эзэн минь, Өөрийн төлөө, Өөрийн нүүрний гэрлийг Таны хоосорсон ариун газарт тусгаач.

18 Бурхан минь ээ, сонороо талбиж, сонсооч! Мэлмийгээ нээж, бидний хоосрол ба Таны нэрээр нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид өөрсдийн үнэн зөвийн төлөө биш, харин Таны агуу энэрлийн төлөө Таны өмнө гуйлтаа өргөж байна.

19 Эзэн минь, сонсооч! Эзэн минь, өршөөгөөч! Эзэн минь, сонсоод, үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь Таны хот болон Таны ард түмэн Таны нэрээр нэрлэгдсэн билээ гэв.

20 Би ярьж, залбирч, өөрийн болон өөрийн ард түмэн Израилийн нүглийг хүлээн зөвшөөрч, миний Бурханы ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө гуйлтаа өргөсөөр,

21 би залбирал дотор ярьсаар байтал, түрүүчийн үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел, оройн тахилын үед намайг ихэд ядарсан байхад над дээр ирэв.