Даниел 9:6-12 АБ2004

6 Түүнээс гадна манай хаад, манай жононгууд, манай өвөг дээдэс болон газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан Таны зарц нар болох эш үзүүлэгч нарыг бид сонсоогүй.

7 Эзэн минь, үнэн зөв нь Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр нь биднийх. Үүнд Иуда хүмүүст, Иерусалимын оршин суугчдад болон бүх Израильд буюу ойр хол байгчдад ба Таны эсрэг хийсэн тэдний итгэлгүй үйлсийнх нь төлөө Таны хөөсөн бүх оронд байгаа тэдэнд хамаарна.

8 Эзэн минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, манай жононгууд, манай өвөг дээдсийнх.

9 Учир нь бид Түүний эсрэг тэрсэлсэн учир энэрэл уучлал нь бидний Бурхан Эзэнд бий.

10 Бурхан Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан бидний өмнө тогтоож өгсөн сургаалыг нь даган алхалгүй ЭЗЭН Бурханыхаа дууг бид дагаагүй.

11 Харин ч бүх Израиль Таны хуулийг зөрчин, Таны дуу хоолойг дагалгүй зам буруулсан. Тиймээс Бурханы зарц Мосегийн хуульд бичигдсэн тангаргийн хамт, хараал нь бидний дээр буужээ. Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн юм.

12 Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг болон биднийг захирдаг захирагчдын эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч тохиолдож байгаагүй.