Дэд Хууль 1:22-28 АБ2004

22 Тэгэхэд та бүхэн над уруу дөхөн ирээд “Бидний өмнөөс тэр газрыг тандаж мэдээд, ямар замаар очих, ямар хот уруу орох тухай хэл мэдээг бидэнд авчрах хүмүүсийг бид өмнөө илгээе” гэж хэлцгээсэн.

23 Тэр үг надад таалагдаж, би овог тус бүрээс нэг хүн бүгд арван хоёр хүнийг чинь авсан.

24 Тэд тэндээсээ уулархаг нутагт хүрч, улмаар Ешколын хөндийд очиж, түүнийг тандаад,

25 тэр нутгийн жимснээс гартаа авч, бидэнд авчрав. Тэд “ЭЗЭН Бурханы маань бидэнд өгөх гэж байгаа тэр нутаг сайхан газар байна” гэсэн мэдээг бидэнд хүргэж авчирсан.

26 Гэвч та нар тийш явахаас дургүйцэн, өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлсэн билээ.

27 Та нар майхан дотроо гомдоллож “ЭЗЭН биднийг үзэн яддаг учраас биднийг устгахын тулд аморичуудын гарт тушаахаар Египетийн нутгаас авчирсан байна.

28 Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань «Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан» гэж хэлэн бидний зүрхийг мохоосон” гэсэн.