1 Бид эргэж Башан уруу хүрч очиход Башаны хаан Ог өөрийн бүх ард түмнээ дагуулан Едреид бидэнтэй тулалдахаар ирэв.
2 ЭЗЭН надад хандаж “Түүнээс битгий ай. Би түүнийг бүх ард түмэн, газар нутагтай нь чиний гарт тушаасан. Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг яасан шигээ чи түүнд тийн үйлд” гэв.
3 Ингээд ЭЗЭН Бурхан маань Башаны хаан Ог болон түүний бүх ард түмнийг бидний гарт тушаасанд бид тэднийг нэг ч амьд хүн үлдээлгүй бут цохив.
4 Бид тэр үед түүний бүх хотыг эзлэн авсан билээ. Аргобын бүх нутаг дэвсгэр буюу Башан дахь Огийн хаант улс, түүний жаран хотоос бидний эзлээгүй нэг ч хот байхгүй.
5 Тэдгээр хотууд нь бүгд өндөр хэрэм, дааман хаалганууд, хаалтуудаар бэхлэгдсэн байв. Түүнээс гадна хана хэрэмгүй суурингууд нэн олон байжээ.
6 Бид Хешбоны хаан Сихонд үйлдсэн шигээ хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүйс тэмтрэн, тэдгээр хотыг устгасан.
7 Бид харин бүх мал адгуус болон хотуудаас дээрэмдсэн зүйлсийг өөрсдөдөө олз болгон авлаа.
8 Ингэж бид тэр үед Иорданы чанадад байсан аморичуудын хоёр хааны гараас Арноны хөндийгөөс Хермон уул хүртэлх газрыг болон
9 (Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг)
10 тэгш тал дахь бүх хотууд, бүх Гилеад, бүх Башан, Башан дахь Огийн хаант улсын хот Салека, Едреи хүртэл эзлэн авсан.
11 (Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмрөн ор бөгөөд энгийн хүний тохойгоор бол есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа)
12 Тэр үед бид энэ газрыг эзлэн авсан билээ. Би Арноны хөндийн дэргэдэх Ароераас Гилеадын уулархаг нутгийн хагасыг хотуудынх нь хамт Реубен, Гад овгийнхонд өгсөн.
13 Гилеадын үлдсэн газар нутаг болон Огийн хаант улс бүх Башан, Аргобын бүх нутгийг би Манассе овгийнхны хагаст өгсөн. (Бүх Башаныг Рефаимын нутаг гэж нэрлэж байжээ.
14 Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна.)
15 Би Гилеадыг Махирт өгсөн билээ.
16 Би реубенчүүд болон гадчуудад Гилеадаас Арноны хөндий хүртэлх газрыг өгч, тэр хөндийн дундуур хилийг нь тогтоосон. Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэл
17 мөн Араба, Иордан голын хамт Хиннеретээс Арабагийн тэнгис буюу Давст тэнгис, Писга уулын хормой хүртэл баруун хил нь болжээ.
18 Тэр үед би та нарт “ЭЗЭН Бурхан чинь энэ газрыг та нарт өмчлүүлэхээр өглөө. Эр зоригт эрчүүд та бүхэн зэвсэглээд, Израилийн хөвгүүд болох ах дүү нараа манлайлан голыг гаталцгаа.
19 Харин та нарын эхнэр, хүүхэд, мал сүрэг чинь (Та нарыг олон малтай гэдгийг би мэднэ.) миний та нарт өгсөн хотуудад үлдэх бөгөөд
20 ЭЗЭН та нарт өгсөн шигээ та нарын ах дүүст ч амралтыг өгөх хүртэл тийн байх болно. Тэд Иорданы нөгөө талд, та нарын Бурхан ЭЗЭНий өгөх газрыг эзэмшсэний дараа та нар бүгдээрээ миний өгсөн эзэмшил газартаа буцан ирж болно” гэж хэлсэн.
21 Тэр үед би Иошуад хандан “Та нарын Бурхан ЭЗЭНээс энэ хоёр хаанд учруулсан бүгдийг чи нүдээрээ үзсэн. Чиний гатлан очих гэж буй бүх хаант улсуудад ЭЗЭН бас тийн үйлдэх болно.
22 Тэднээс битгий ай. ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө тэмцэгч нэгэн юм” гэж тушаасан билээ.
23 Би бас тэр үед ЭЗЭНээс гуйж,
24 “Эзэн БУРХАН! Та зарцдаа Өөрийнхөө агуу их, хүчирхэг мутрыг үзүүлж эхэлсэн. Таных шиг ийм ажлуудыг, хүчит үйлсийг үйлдэж чадах ямар бурхан тэнгэр газарт байна вэ?
25 Би залбирч байна. Намайг гатлуулж, Иорданы чанадад орших тэр сайхан газар, тэр үзэсгэлэнт уулс болон Ливаныг үзүүлээч” гэсэн
26 боловч ЭЗЭН та нараас болж, надад уурласан байсан бөгөөд намайг сонссонгүй. ЭЗЭН надад “Боллоо. Чи энэ тухай Надад дахин бүү ярь.
27 Писга уулын оройд гарч, нүдээ өргөн, зүүн баруун, хойш урагш ширтэн, тэр газрыг өөрийнхөө нүдээр хар. Учир нь чи энэ Иордан голыг гатлах ёсгүй.
28 Харин чи Иошуад тушааж, түүнд урам зориг, хүч чадал өг. Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн, Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлнэ” гэв.
29 Тэгэхэд бид Бетпеорын нөгөө талын хөндийд үлдсэн.