Дэд Хууль 16:15-21 АБ2004

15 Чи тэр баярыг ЭЗЭНий сонгож авах газарт ЭЗЭН Бурханыхаа өмнө долоо хоног тэмдэглэ. ЭЗЭН Бурхан чинь чиний хийж бүтээсэн бүх зүйл, чиний гараар бүтсэн аливаа ажил үйлсийг ивээх учир чи сэтгэл дүүрэн баярлах болно.

16 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт Исгээгүй Талхны баяр, Долоо Хоногийн баяр, Майхан баяраар ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой. Тэд ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй.

17 Хүн бүр ЭЗЭН Бурханыхаа өгсөн ивээлийн хэрээр, чадлынхаа хэрээр өргөгтүн.

18 ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хот бүрд овгийнх нь тоогоор шүүгчид, түшмэдийг томил. Тэд хүмүүсийг зөв шударгаар шүүх болно.

19 Чи шударга ёсыг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль бол мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.

20 Чи амьдарч, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрыг эзэмшихийн тулд чи шударга ёсыг, зөвхөн шударга ёсыг л дага.

21 ЭЗЭН Бурхандаа зориулан босгох тахилын ширээний дэргэд ямар нэгэн модон Ашера шонг бүү босго.