Дэд Хууль 21:3-9 АБ2004

3 Тэр алагдсан хүнд хамгийн ойр байгаа хотын ахмадууд нь эдэлгээ, буулганд ороогүй байгаа охин бярууг авна.

4 Тэгээд тэр хотын ахмадууд охин бярууг урсгал ус бүхий хагалаагүй, тариалаагүй атар хөндий уруу хөтөлж аваачаад, хүзүүг нь хуга мушгина.

5 Левийн хөвгүүд болох тахилч нар бас тийшээ очно. Тэднийг Өөртөө үйлчлүүлж, ЭЗЭНий нэрээр ерөөл тавиулахаар ЭЗЭН Бурхан чинь сонгосон юм. Аливаа маргаан, тэмцлийг тэдний үгээр шийднэ.

6 Мөнөөх алагдсан хүнд хамгийн ойрхон байгаа хотын ахмадууд бүгдээрээ тэр хөндийд хүзүүгээ хуга мушгиулсан охин бяруун дээр гараа угааж,

7 “Бид өөрсдийн гараар энэ цусыг урсгаагүй, өөрсдийн нүдээр түүнийг хараа ч үгүй.

8 Өө, ЭЗЭН! Та Өөрийн зольсон ард түмэн, Израилийг уучилж өршөө. Гэмгүй хүний цусыг урсгасан гэм бурууг Өөрийн ард түмэн Израилийн дунд бүү байлгаач” гэж хэлбэл цус урсгасан тэр гэм уучлагдах болно.

9 Чи тийнхүү ЭЗЭНий мэлмийд зөв үйлийг хийхдээ гэмгүй хүний цусыг урсгасан гэмийг өөрсдийнхөө дундаас зайлуулна.