Дэд Хууль 22:3-9 АБ2004

3 Илжиг ч байсан буцааж өг, хувцас хунар ч байсан буцааж өг. Ах дүүгийнхээ аливаа алдагдсан зүйлийг олбол чи тийнхүү буцаан өгч бай. Хайхралгүй бүү өнгөрөө.

4 Ах дүүгийн чинь илжиг, эсвэл үхэр замд унасан байхыг харвал хайхралгүй бүү өнгөр. Ах дүүдээ түүнийг түшиж босгоход нь заавал тусал.

5 Эмэгтэй нь эрэгтэй хүний хувцсыг бүү өмс. Эрэгтэй нь ч эмэгтэй хүний хувцсыг бүү өмс. Тэгсэн хэн бүхэн ЭЗЭН Бурханыхаа жигшлийг төрүүлэх болно.

6 Хэрэв явах замд чинь модон дээр, эсвэл газарт ангаахай юм уу өндөгтэй үүр байж, ангаахай эсвэл өндгөө дарсан эх шувуу дайралдвал эх болон ангаахайг хамтад нь бүү ав!

7 Чи эхийг нь заавал явуул. Харин ангаахайг нь өөртөө авч болно. Тэгвэл чи сайн сайхан байж, урт насална.

8 Чи шинэ байшин барихдаа дээвэр дээрээ хашлага хий. Хэн нэгэн хүн чиний байшин дээрээс унаж, цус урссан гэм нь гэрт чинь оногдуузай.

9 Усан үзмийн цэцэрлэгтээ хоёр өөр төрлийн үр бүү тарь. Хэрэв тэгвэл чиний тарьсан үрээс ургасан жимс, усан үзмийн цэцэрлэгийн ургац бүгд бохирдоно.