Дэд Хууль 23:14-20 АБ2004

14 ЭЗЭН Бурхан чинь чамайг аварч, дайснуудыг чинь та нарт тушаахаар хуарангийн чинь дундуур явах учир хуаран чинь ариун байх ёстой. Тэгвэл та нарын дундаас Тэр бузар муухай зүйлийг олж харахгүй учир чамайг орхихгүй.

15 Эзнээсээ оргож чам уруу очсон боолыг чи эзэнд нь буцааж бүү тушаа.

16 Тэр боол танай аль нэгэн хотын дотроос өөртөө таатай хэмээн сонгож авсан газартаа та нарын дунд чамтай хамт амьдран сууг. Түүнийг бүү дарамтал.

17 Израиль охидын дунд сүмийн янхан байх ёсгүй. Израиль хөвгүүдийн дотор сүмийн янхан эр байх ёсгүй.

18 Янхны олсон мөнгө хийгээд нохой мэт хүний (сүмийн янхан эрийн) олсон хөлсийг ямар ч тангаргийн өргөлд зориулан ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Тэр хоёрыг хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.

19 Чи ах дүүгээсээ зээлийн хүү битгий нэх. Тухайлбал мөнгөний хүү, хоол хүнсний хүү болон бусад аливаа хүүлж болмоор зүйлсээсээ хүү битгий ав.

20 Чи гадаадын хүнээс зээлийн хүүг авч болно, харин ах дүүгээсээ зээлийн хүү битгий нэх. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж буй газар нутаг дээр чиний гараараа хийсэн бүхний төлөө чамайг ивээнэ.