Дэд Хууль 24:14-20 АБ2004

14 Чи ядуу зүдүү хөлсний зарцаа ах дүү чинь ч байсан, танай нутагт хотын чинь дотор суудаг харийн хүн ч байсан бүү дарангуйл.

15 Чи түүний хөлс мөнгийг өдөрт нь нар шингэхээс өмнө өгч бай. Учир нь тэрээр ядуу бөгөөд сэтгэлдээ хөлсөө тэсэж ядан хүлээж байгаа. Эс тэгвэл тэрээр чамайг ЭЗЭНд мэдүүлж, тэр нь чамд нүгэл болох вий.

16 Эцэг нь хүүгээсээ болж цаазлагдах ёсгүй. Хүү нь ч эцгээсээ болж цаазлагдах ёсгүй. Хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө цаазлагдах ёстой.

17 Чи харийн хүн юм уу, өнчин хүмүүс дээр шударга ёсыг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав.

18 Чи Египетэд боол байснаа, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс зольсныг санаж яв. Тийм учраас үүнийг хийхийг би чамд тушааж байна.

19 Чи талбай дахь тариагаа хадаж байхдаа талбайд нэг юүжийг мартсан бол түүнийгээ авахаар бүү буц. Түүнийгээ харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд үлдээ. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараар хийсэн бүхний төлөө чамайг ерөөнө.

20 Чи чидун жимсний модоо түншсэний дараа дахин түүний мөчрийг бүү ажигла. Үлдсэн жимсийг харийнхан, өнчид, бэлэвсэн эмэгтэйд үлдээ.