Дэд Хууль 24:7-13 АБ2004

7 Хэрэв хэн нэгэн нь ах дүү болох Израилийн хөвгүүдээс нэг хүнийг хулгайлж, түүнийгээ боолчлох юм уу, худалдсан нь мэдэгдвэл тэр хулгайчийг ал. Та нар өөрсдийнхөө дотроос тийнхүү бузар мууг арилган зайлуул.

8 Чи арьсны халдварт өвчнөөс болгоомжилж, тахилч левичүүдийн та нарт заах бүгдийн дагуу хичээнгүйлэн хий. Миний тэдэнд тушаасанчлан та нар анхааралтай үйлд.

9 Та нарыг Египетээс гарч ирэх замд ЭЗЭН Бурхан чинь Мириамыг яасныг санагтун.

10 Чи хөршдөө ямар нэгэн юм зээлдүүлэхдээ барьцаа авахаар гэрт нь бүү ор.

11 Чи гадаа нь зогсоод, чамаас зээл авсан хүн барьцаагаа өөрөө чамд авчирч өгөх ёстой.

12 Хэрэв тэрээр ядуу хүн байвал түүний барьцааг гэртээ бүү хонуул.

13 Чи түүний барьцааг нар шингэх үед заавал буцааж өгөх ёстой. Тэгвэл тэр хүн хувцсаа нөмөрч унтаад, чамайг ерөөнө. Энэ чинь ЭЗЭН Бурханы чинь өмнө чиний зөвт байдал болно.