Дэд Хууль 26:10-16 АБ2004

10 ЭЗЭН Таны надад өгсөн тэр газрын ургацын дээжийг би одоо авчирлаа” гэж хэлээд, өргөлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө тавьж, ЭЗЭН Бурханыхаа өмнө мөргө.

11 ЭЗЭН Бурханаас чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд өгсөн бүх сайн сайхны төлөө чи болон левичүүд, чиний дунд байгаа харийнхан баярлах ёстой.

12 Гурав дахь жил буюу аравны нэгийг өргөх жилд бүх ургацынхаа аравны нэгийг хурааж дуусаад, түүнийг левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд өгөөд хотынхоо хаалганы дотор цадтал нь идүүл.

13 Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, Таны надад тушаасан бүх тушаалын тань дагуу левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөө ч үгүй, мартаа ч үгүй.

14 Би энэхүү ариун хувиас гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон, Таны надад тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн.

15 Та тэнгэр дэх ариун газраас доош харж, Өөрийн ард түмэн Израилийг болон бидний өвөг дээдэст тангарагласан ёсоороо бидэнд өгсөн тэр газар буюу сүү балаар бялхсан газрыг ерөөгөөч” гээрэй.

16 ЭЗЭН Бурхан чинь өнөөдөр чамд энэ зарлиг хууль тогтоолыг дагаж мөрдүүлэхээр тушааж байна. Тиймээс чи тэдгээрийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хичээнгүйлэн дагаж мөрд.