Дэд Хууль 26:13-19 АБ2004

13 Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, Таны надад тушаасан бүх тушаалын тань дагуу левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөө ч үгүй, мартаа ч үгүй.

14 Би энэхүү ариун хувиас гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон, Таны надад тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн.

15 Та тэнгэр дэх ариун газраас доош харж, Өөрийн ард түмэн Израилийг болон бидний өвөг дээдэст тангарагласан ёсоороо бидэнд өгсөн тэр газар буюу сүү балаар бялхсан газрыг ерөөгөөч” гээрэй.

16 ЭЗЭН Бурхан чинь өнөөдөр чамд энэ зарлиг хууль тогтоолыг дагаж мөрдүүлэхээр тушааж байна. Тиймээс чи тэдгээрийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хичээнгүйлэн дагаж мөрд.

17 Өнөөдөр чи ЭЗЭНийг өөрийн Бурхан гэж зарлан, Түүний замаар явж, Түүний зарлиг тушаал, хууль тогтоолыг сахиж, дуу хоолойг нь сонсохоо тунхаглалаа.

18 ЭЗЭН ч бас чамд амласан ёсоороо өнөөдөр чамайг Өөрийнхөө эрхэм нандин ард түмэн хэмээн зарлан, Өөрийнхөө бүх тушаалыг сахиулна гэдгийг тунхагласан.

19 Мөн чамайг Өөрийн бүтээсэн бүх улс үндэстний дээр магтаал, алдар, хүндлэлээр дээдлэн, айлдсан ёсоороо чамайг ЭЗЭН Бурханы ариун ард түмэн болгохоор тунхагласан гэв.