Дэд Хууль 26:3-9 АБ2004

3 тэнд байх тахилч уруу хүрч очоод, “«ЭЗЭНээс бидэнд өгөхөөр бидний өвөг дээдэст тангарагласан тэр газар хүрч ирлээ» гэж өнөөдөр би таны Бурхан ЭЗЭНд хэлье” гэж хэл.

4 Тэгэхэд тахилч чиний гараас сагсыг чинь аваад, ЭЗЭН Бурханы чинь тахилын ширээний өмнө тавина.

5 Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг бол тэнүүлч Арамей хүн байсан. Тэр хэдхэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.

6 Харин египетчүүд биднийг харгислан зовоож, хүнд ажилд зүтгүүлсэн.

7 Тэгээд бид өвөг дээдсийнхээ Бурхан ЭЗЭНд хандан хашхирсанд ЭЗЭН бидний дууг сонсон, бидний зовлон зүдгүүр дарлалыг үзээд,

8 ЭЗЭН хүчирхэг гар, сунгасан мутраараа, агуу их сүр хүч, тэмдэг, гайхамшгаараа Египетээс гарган авсан билээ.

9 Тэр биднийг энд авчраад, энэ газар нутаг, сүү балаар бялхсан нутгийг бидэнд өгсөн.