Дэд Хууль 26:5-11 АБ2004

5 Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг бол тэнүүлч Арамей хүн байсан. Тэр хэдхэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.

6 Харин египетчүүд биднийг харгислан зовоож, хүнд ажилд зүтгүүлсэн.

7 Тэгээд бид өвөг дээдсийнхээ Бурхан ЭЗЭНд хандан хашхирсанд ЭЗЭН бидний дууг сонсон, бидний зовлон зүдгүүр дарлалыг үзээд,

8 ЭЗЭН хүчирхэг гар, сунгасан мутраараа, агуу их сүр хүч, тэмдэг, гайхамшгаараа Египетээс гарган авсан билээ.

9 Тэр биднийг энд авчраад, энэ газар нутаг, сүү балаар бялхсан нутгийг бидэнд өгсөн.

10 ЭЗЭН Таны надад өгсөн тэр газрын ургацын дээжийг би одоо авчирлаа” гэж хэлээд, өргөлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө тавьж, ЭЗЭН Бурханыхаа өмнө мөргө.

11 ЭЗЭН Бурханаас чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд өгсөн бүх сайн сайхны төлөө чи болон левичүүд, чиний дунд байгаа харийнхан баярлах ёстой.