Дэд Хууль 28:25-31 АБ2004

25 ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи тэдний өөдөөс нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.

26 Чиний хүүр огторгуйн бүх шувууд, газрын араатан амьтдын хоол болох бөгөөд тэднийг хэн ч үргээн айлгахгүй.

27 ЭЗЭН чамайг Египетийн хатиг, шамбарам, яр шарх, хамуу өвчнөөр цохих бөгөөд чи эдгэрч чадахгүй.

28 ЭЗЭН чамайг галзуу, сохор, солио өвчнөөр цохино.

29 Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй.

30 Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй.

31 Чиний үхрийг нүдний чинь өмнө нядлах боловч чи түүнээс идэж чадахгүй. Чиний илжгийг улаан нүүрэн дээр чинь булаах боловч чи түүнийг буцааж авч чадахгүй. Чи хонио дайснуудад алдах боловч чамд туслах хэн ч байхгүй.