Дэд Хууль 28:9-15 АБ2004

9 Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна.

10 Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно.

11 ЭЗЭНий чамд өгөхөөр чиний өвөг дээдэст тангарагласан газар дээрээ чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг арвин болгоно.

12 Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чиний төлөө огторгуйн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй.

13 Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна.

14 Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш, зүүн тийш хазайн, өөр бурхдад үйлчлэхээр дагаж болохгүй.

15 Чи хэрвээ ЭЗЭН Бурханыхаа үгийг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигийг дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.