Дэд Хууль 3:11-17 АБ2004

11 (Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмрөн ор бөгөөд энгийн хүний тохойгоор бол есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа)

12 Тэр үед бид энэ газрыг эзлэн авсан билээ. Би Арноны хөндийн дэргэдэх Ароераас Гилеадын уулархаг нутгийн хагасыг хотуудынх нь хамт Реубен, Гад овгийнхонд өгсөн.

13 Гилеадын үлдсэн газар нутаг болон Огийн хаант улс бүх Башан, Аргобын бүх нутгийг би Манассе овгийнхны хагаст өгсөн. (Бүх Башаныг Рефаимын нутаг гэж нэрлэж байжээ.

14 Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна.)

15 Би Гилеадыг Махирт өгсөн билээ.

16 Би реубенчүүд болон гадчуудад Гилеадаас Арноны хөндий хүртэлх газрыг өгч, тэр хөндийн дундуур хилийг нь тогтоосон. Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэл

17 мөн Араба, Иордан голын хамт Хиннеретээс Арабагийн тэнгис буюу Давст тэнгис, Писга уулын хормой хүртэл баруун хил нь болжээ.