Дэд Хууль 31:1-7 АБ2004

1 Ингээд Мосе гараад, бүх Израильд хандаж хэлсэн үгс энэ болой.

2 Тэрээр тэдэнд хандан—Би өнөөдөр зуун хорин настай. Би цаашид ирж очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан.

3 Чиний Бурхан ЭЗЭН чамаас урьтаж гатлан, чиний өмнө тэдгээр үндэстнийг устгаж, чамд тэдний газрыг эзэмшүүлэх болно. ЭЗЭНий айлдсанчлан Иошуа чамаас урьтаж Иорданыг гатална.

4 ЭЗЭНий урьд нь устгасан аморичуудын хаан Сихон, Ог нар болон тэдний газар нутагт үйлдсэн шигээ тэдэнд ч бас үйлдэнэ.

5 ЭЗЭН тэднийг та нарт тушаан өгнө. Та нар тэднийг миний та нарт тушаасан бүх тушаалын ёсоор болго.

6 Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг учраас тэднээс бүү ай, тэдний өмнө бүү чичир. Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй гэв.

7 Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд—Чи тууштай, зоригтой бай. Учир нь чи өвөг дээдэст нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газар уруу энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой.