Дэд Хууль 31:14-20 АБ2004

14 Тэгээд ЭЗЭН Мосед хандан—Чиний үхэх өдөр чинь ойртож байна. Иошуаг дуудан хамтдаа хурлын майханд хүрэлцэн оч. Би түүнд тушаал өгнө гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, хурлын майханд хүрэлцэн очив.

15 ЭЗЭН үүлэн багана дотор, майханд үзэгджээ. Үүлэн багана нь майхны аманд байв.

16 ЭЗЭН Мосед хандаж—Чи удахгүй өвөг дээдсийнхээ хамт нойрсох болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа босож, харийн бурхдыг садарлан дагаж, Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно.

17 Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн, тэднийг хаяж, тэднээс нүүрээ буруулахад тэд үрэгдэх болно. Элдвийн олон гай гамшиг тэдэн дээр буух тэр цагт тэд “Эдгээр бузар муу бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж хэлэх болно.

18 Тэдний үйлдэх хамаг бузар булайгаас нь болж тэр цагт Би тэднээс заавал нүүрээ буруулна. Учир нь тэд өөр бурхдад урвана.

19 Тиймээс одоо та нар энэ дууг өөрсдөдөө бичэн авч, түүнийгээ Израилийн хөвгүүдэд зааж сурга. Энэ дууг Израилийн хөвгүүдэд Миний гэрч болгохын тулд үүнийг тэдний аманд хий.

20 Учир нь би тэдний өвөг дээдэст тангарагласан ёсоороо сүү, балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд идэж цадан таргалбал эргээд өөр бурхдад урваж, тэдэнд зарагдан, Намайг басамжлан, Миний гэрээг зөрчинө.