Дэд Хууль 31:23-29 АБ2004

23 Дараа нь Тэр Нуны хүү Иошуад тушааж—Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай, зоригтой бай. Би чамтай хамт байна гэжээ.

24 Мосе энэ хуулийн үгсийг номонд бүрэн бичиж дууссаныхаа дараа,

25 ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг левичүүдэд хандан тушааж—

26 Энэ хуулийн номыг аваад, ЭЗЭН Бурханыхаа гэрээний авдрын хажууд тавь. Тэр нь та нарын эсрэг гэрч болж тэндээ байг.

27 Та нарын тэрслүү, хөшүүн хүзүүтэйг би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа та нар яах юм бэ?

28 Овгийнхоо бүх ахмадууд болон түшмэдээ миний өмнө цуглуул. Би тэдний чихэнд эдгээр үгсийг сонсгож, тэдэнд гэрч болгохоор тэнгэр газрыг дуудъя.

29 Намайг үхсэний дараа та нар ялзарч, миний та нарт тушаасан замаас эргэнэ. Та нар ЭЗЭНий мэлмийн өмнө муу муухайг үйлдэж, өөрсдийнхөө гарын ажил үйлсээр Түүнийг хилэгнүүлэх учраас хожмын өдрүүдэд өөрсдөд чинь гай зовлон учирна гэдгийг би мэдэж байна хэмээв.