Дэд Хууль 4:20-26 АБ2004

20 Харин ЭЗЭН та нарыг авч, өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн төлөөх ард түмэн болгохын тулд хүдэр хайлуулах зуух Египетээс авчирсан.

21 ЭЗЭН та нараас болж надад уурласан бөгөөд намайг Иорданыг гатлуулахгүй, ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр сайхан газарт оруулахгүй гэж тангарагласан.

22 Би энэ газартаа үхнэ. Би Иорданыг гатлах ёсгүй. Харин та нар гаталж, тэр сайхан газрыг эзэмших болно.

23 Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн дүрстэй сийлмэл хөргийг та нар бүтээгүүзэй.

24 Учир нь чиний Бурхан ЭЗЭН бол хуйхлан шатаагч гал, хартай Бурхан юм.

25 Чи тэр нутагт хүүтэй, ач хүүтэй болоод өнө удаан амьдран суухдаа завхран гажуудаж, ямар нэгэн дүрстэй шүтээн хийж, Түүний уур хилэнг хөдөлгөхөөр ЭЗЭН Бурханыхаа мэлмийн өмнө бузар мууг үйлдэх аваас

26 Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.