Дэд Хууль 4:28-34 АБ2004

28 Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй.

29 Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ эрвэл олно.

30 Энэ бүх зүйл чамд тулгарч, зовон зүдрэх үед, тэгээд хожмын өдөр чи өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэж, Түүний дуу хоолойг сонсох болно.

31 Чиний Бурхан ЭЗЭН өрөвч Бурхан мөн. Тэрээр чамайг орхих ч үгүй, чамайг устгах ч үгүй, чиний өвөг дээдэст тангарагласан гэрээгээ мартах ч үгүй.

32 Бурхан дэлхий дээр хүнийг бүтээсэн өдрөөс хойших, чамаас өмнө байсан эрт урьдын өдрүүдийн тухай, тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаарыг хүртэл асуу. Үүн шиг агуу их зүйл урьд өмнө ер нь байсан уу? Үүн шиг юмыг урьд өмнө ер нь сонссон уу?

33 Галын дундаас айлдсан Бурханы дуу хоолойг чам шиг сонсоод, амьд үлдсэн ямар нэгэн ард түмэн байна уу?

34 ЭЗЭН Бурхан чинь Египетэд та бүхний төлөө та нарын нүдний өмнө үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, айлган сүрдүүлэлтээр дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн бурхан байна уу?