Дэд Хууль 4:4-10 АБ2004

4 Харин ЭЗЭН Бурханаасаа зуурч байсан та бүхэн л өнөөдөр амьд байна.

5 Та нарын хүрч очоод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагаж мөрдүүлэхийн тулд би ЭЗЭН Бурханыхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг хуулийг сургасан билээ.

6 Тиймээс та нар түүнийг сахиж, үйлдэгтүн. Тэгэх нь ард түмнүүдийн өмнө та нарын мэргэн ухаан, та нарын ухаарал болно. Тэд эдгээр бүх зарлигийг сонсоод “Үнэхээр энэ агуу их үндэстэн бол мэргэн ухаантай, ухаарсан ард түмэн мөн” хэмээн ярилцах болно.

7 Түүнийг дуудах бүрд минь бидний Бурхан ЭЗЭН бидэнд ойр байдаг шиг өөрсөдтэй нь тийм ойр байдаг бурхантай ямар агуу үндэстэн байна вэ?

8 Өнөөдөр миний та нарт таниулсан энэ цогц хууль шиг тийм зөвт зарлиг, хууль тогтоолтой ямар агуу үндэстэн байна вэ?

9 Өөртөө анхаарал тавьж, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартуузай, тэдгээрийг насан туршдаа зүрхнээсээ салгуузай. Харин тэдгээрийг хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл.

10 Санагтун, та нарыг Хореб ууланд ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байхад чинь ЭЗЭН “Ард түмнийг Над уруу цуглуул. Би тэдэнд үгээ сонсгоё. Ингэснээр тэд газар дээр амьдрах бүхий л өдрүүддээ Намайг эмээн хүндэтгэхэд сурч, түүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургах юм” гэж надад айлдсан билээ.