Дэд Хууль 5:20-26 АБ2004

20 Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.

21 Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, түүний газар, түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шуна” гэж айлдсан билээ.

22 ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн.

23 Уул галд дүрэлзэн шатаж байхад та нар харанхуйн дундаас гарах дуу хоолойг сонсон, танай овгуудын тэргүүнүүд, ахмадууд бүгдээрээ над уруу хүрч ирээд

24 “Бидний Бурхан ЭЗЭН бидэнд Өөрийнхөө сүр жавхлан, агуу чадлаа үзүүллээ. Бид гал дотроос гарч байгаа Түүний дууг сонсоцгоолоо. Бурхан хүнтэй ярьж, тэр хүн нь амьдран байгааг бид өнөөдөр үзлээ.

25 Тэгэхээр бид одоо юунд үхэх ёстой юм бэ? Энэ их гал биднийг залгина. Хэрэв бид ЭЗЭН Бурханыхаа дууг цаашид сонсвол үхнэ.

26 Галын дундаас амьд Бурханы айлдах дуу хоолойг сонсоод, бидэн шиг амьд үлдсэн бие махбодтой хүн хэн байна вэ?