Дэд Хууль 5:9-15 АБ2004

9 Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг.

10 Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг.

11 Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй.

12 ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор амралтын өдрийг ариунаар сахихын тулд түүнийг мөрдөгтүн.

13 Чи зургаан өдөр хөдөлмөрлөж, бүх ажлаа хий.

14 Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний үхэр, чиний илжиг, чиний бүх мал адгуус, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. Чи зарц, шивэгчнээ мөн өөрийнхөө адил амраа.

15 Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.