Дэд Хууль 7:17-23 АБ2004

17 “Эдгээр үндэстэн надаас илүү олон. Би тэднийг яаж зайлуулж чадах вэ?” гэж чи зүрхэндээ хэлж байж магадгүй.

18 Гэвч чи тэднээс бүү ай! Чиний Бурхан ЭЗЭН Фараонд болон бүх Египетэд юу үйлдсэнийг сайн сана.

19 Та нарын нүдээрээ харсан тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмнүүдэд тийнхүү үйлдэнэ.

20 Чиний Бурхан ЭЗЭН тэднээс үлдэгсэд ба чамаас нуугдсан хүмүүсийг устаж дуустал тэдний эсрэг морин зөгийг илгээнэ.

21 Чи тэднээс бүү ай! Учир нь та нарын Бурхан ЭЗЭН агуу их, аймшигт Бурхан та нарын дунд байна.

22 Чиний Бурхан ЭЗЭН чиний өмнө тэдгээр үндэстнүүдийг бага багаар хөөн зайлуулах болно. Чи тэднийг даруй түргэн устгаж болохгүй. Эргэн тойронд чинь хээрийн араатан асар олноор өсөн үржих болуузай.

23 Харин чиний Бурхан ЭЗЭН тэдгээр ард түмнүүдийг чамд тушааж өгөх бөгөөд тэднийг устаж дуустал нь үлэмжийн үймээн самуунд автуулна.