Дэд Хууль 9:1-6 АБ2004

1 Израиль аа, сонс! Тэнгэр тулсан өндөр хана хэрэм бүхий том том хотуудтай, өөрсдөөс чинь илүү хүчирхэг том үндэстнүүдийг эзлэхээр явахын тулд чи өнөөдөр Иордан голыг гатлах гэж байна.

2 Тэндхийн хүмүүс нь аварга том, өндөр, та нарын мэддэг анакчуудын хөвгүүд билээ. “Анакийн хөвгүүдийн өмнө хэн зогсож чадах билээ?” гэж хэлэлцдэгийг та нар бас сонссон.

3 Чи өнөөдөр мэдэж ав. ЭЗЭН Бурхан чинь дүрэлзэж байгаа гал шиг чиний өмнө гатлан явж, тэднийг бут цохиод, чиний өмнө унагана. Ингэснээр чи ЭЗЭНийхээ айлдсан ёсоор тэднийг хөөн гаргаж, даруй устгах юм.

4 ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн гаргасны дараа “ЭЗЭН миний зөвт байдлаас болж намайг энэ газар нутгийг эзэмшүүлэхээр авчирсан” гэж дотроо бүү бод. Харин эдгээр үндэстний хорон муу байдлаас болж ЭЗЭН тэднийг чиний өмнөөс хөөн гаргаж байгаа юм.

5 Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тангаргаа батлахын тулд ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн зайлуулж байгаа нь эдгээр үндэстнүүдийн хорон муу байдлаас болсон юм.

6 ЭЗЭН Бурхан чинь чамд энэ сайхан газар нутгийг эзэмшүүлэхээр өгч байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш гэдгийг мэдэж ав. Учир нь чи бол хөшүүн хүзүүтэй ард түмэн юм.