Дэд Хууль 9:12-18 АБ2004

12 Дараа нь ЭЗЭН надад хандан “Чи босож, эндээс даруй буу. Учир нь чиний Египетээс гаргаж авчирсан ард түмэн чинь ялзарч, Миний тэдэнд тушаасан замаас тэд маш түргэн буцаж, өөрсдөдөө зориулан цутгамал хөрөг бүтээсэн байна” гэсэн.

13 ЭЗЭН цааш нь надад “Би энэ ард түмнийг харлаа. Үнэхээр тэд бол хөшүүн хүзүүтэй ард түмэн байна.

14 Надад бүү саад хий. Би тэднийг устгаж, тэдний нэрийг тэнгэрийн доороос арчин хаяж, чамайг тэднээс илүү хүчтэй, илүү агуу үндэстэн болгоно” гэсэн.

15 Намайг уулан дээрээс буцаж буухад ууланд гал дүрэлзэж, гэрээний хоёр хавтан миний хоёр гарт байв.

16 Үнэхээр та нар ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэнийг би харсан. Та нар өөрсдөдөө зориулж, тугалын дүрсийг цутган бүтээжээ. Та нар ЭЗЭНий тушаасан замаас маш түргэн буцсан учир

17 би өнөөх хоёр хавтанг гартаа авч, чулуудан та нарын нүдний өмнө буталсан билээ.

18 Би ЭЗЭНий өмнө урьдынх шигээ дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтэж, талх ч идээгүй, ус ч уугаагүй. Та нарын Түүний уур хилэнг хөдөлгөхөөр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу үйлдэлд холбогдсон бүх нүглээс чинь болж тэгсэн юм.