Египетээс Гарсан Нь 14:19-25 АБ2004

19 Израилийн хуарангийн өмнө явж байсан Бурханы тэнгэр элч хөдөлж, тэдний ард очсон. Үүлэн багана тэдний өмнөөс хөдөлж, тэдний ард очив.

20 Үүлэн багана Египетийн хуаран ба Израилийн хуарангийн хооронд орж зогссонд, нэг талд нь үүл ба харанхуй байж, нөгөө талыг шөнөжин гэрэлтүүлэв. Иймээс шөнийн турш нэг нь нөгөөдөө ойртсонгүй.

21 Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд, ус хуваагдаж, хуурай газар гарав.

22 Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явахад, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв.

23 Египетчүүд араас нь хөөж, Фараоны бүх морьд, түүний тэрэгнүүд ба морин цэргүүд тэдний араас далайн гол уруу оров.

24 Үүрийн гэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргүүдийг үзээд, тэднийг самууралд оруулав.

25 Тэр тэдний тэрэгний дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд—Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.