Египетээс Гарсан Нь 23 АБ2004

1 Чи худал мэдүүлэг бүү өг. Хорон муу хүнтэй гар барин хуурамч гэрч болж болохгүй.

2 Олныг дагалдан мууг үйлдэж болохгүй. Шударга ёсыг завхруулахын тулд олныг дагаж шүүхэд бүү гэрчил.

3 Шүүх дээр ядуу хүнийг бүү ялгаварла.

4 Хэрэв дайсныхаа төөрсөн үхэр, илжигтэй тааралдвал, түүнийг заавал эзэнд нь буцаан аваачиж өг.

5 Хэрэв чамайг үзэн яддаг хүний илжиг ачаандаа дарагдан хэвтэж байхыг чи харвал түүнийг бүү орхи. Чи тэр хүнд заавал тусалж, илжгийг нь чөлөөл.

6 Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.

7 Худал заргаас хол байж, гэмгүй эсвэл зөвт хүнийг бүү ал. Учир нь Би гэмтэнг зөвтгөн цагаатгахгүй.

8 Чи хахууль бүү ав. Учир нь хахууль хүний харааг сохолж, шударга хүний үгийг гуйвуулна.

9 Чи харь хүнийг бүү дарла. Та нар ч Египет газарт харийн хүмүүс байсан учраас харь хүний сэтгэлийг мэднэ.

10 Чи зургаан жил газраа тариалж, ургацыг нь хураа.

11 Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээсэн аливаа зүйлсийг нь хээрийн амьтад идэг. Өөрийн усан үзмийн болон чидун модны цэцэрлэгт ч ийнхүү үйлд.

12 Зургаан өдөр чи ажлаа хийж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү, мөн харийн хүн сэргэг.

13 Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь. Өөр бурхдын нэрийг дурьдаж ч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.

14 Жилд гурван удаа та нар Надад баярыг тэмдэглэ.

15 Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.

16 Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи өөрийн хөдөлмөрийн үр жимсийг хураахдаа, жилийн эцэст Ургац Хураалтын Баярыг сахь.

17 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой.

18 Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул.

19 Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.

20 Үзэгтүн, замд чамайг хамгаалахын тулд, Миний бэлтгэсэн газар уруу чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэр элчийг явуулах гэж байна.

21 Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь дуулгавартай дага. Түүний өмнөөс бүү тэрсэл. Учир нь Миний нэр түүний дотор байгаа тул тэр чиний хилэнцийг уучлахгүй.

22 Харин хэрэв чи түүний дуу хоолойг үнэхээр дуулгавартай дагаж, Миний айлдсан бүхнийг үйлдвэл, Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно.

23 Миний тэнгэр элч чиний өмнө явж, чамайг аморичууд, хитчүүд, перизчүүд, канаанчууд, хивичүүд, иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно.

24 Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун багануудыг хэсэглэн бутал.

25 Чи өөрийн Бурхан ЭЗЭНд үйлчил. Тэгвэл Тэр чиний талх, усыг ерөөх болно. Би та нарын дундаас өвчин эмгэгийг зайлуулна.

26 Чиний газарт дутуу төрдөг, эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би наслах ёстой насыг чинь наслуулна.

27 Би Өөрийн аймшгийг чиний өмнө явуулж, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унаган, бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно.

28 Чиний өмнөөс хивичүүд, канаанчууд, хитчүүдийг зайлуулахын тулд Би чиний өмнө хэдгэнүүдийг явуулна.

29 Би ганцхан жилийн дотор тэднийг чиний өмнөөс зайлуулахгүй. Учир нь газар нутаг эзгүйрч, хээрийн араатнууд чиний хувьд олшрох вий.

30 Чи өсөн үржиж, тэр нутгийг эзэмших хүртэл Би тэднийг чиний өмнөөс бага багаар зайлуулна.

31 Би чиний хил хязгаарыг Улаан тэнгисээс филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би чиний гарт тушаана. Чи өөрийнхөө өмнөөс тэднийг зайлуулна.

32 Чи тэдэнтэй, эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй.

33 Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвэл тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл, энэ нь үнэхээр чамд урхи болно.

Бүлэг

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40