Египетээс Гарсан Нь 17:1-6 АБ2004

1 Дараа нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар, Рефидимд буудаллав. Тэнд ард түмэнд уух ус байсангүй.

2 Тиймээс ард түмэн Мосетэй маргалдаж—Бидэнд уух ус өг гэсэнд, Мосе тэдэнд—Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв.

3 Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон—Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон бидний үр хүүхдийг, мал сүргийг минь цангаан алах гэж байна вэ? гэлцэв.

4 Мосе ЭЗЭНд хашхиран,—Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над уруу чулуу шидэх болно гэв.

5 Тэгэхэд ЭЗЭН Мосед—Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулан яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохисон таягаа гартаа авч яв.

6 Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлдэв.