Египетээс Гарсан Нь 18:16-22 АБ2004

16 Тэд маргаантай бол над уруу ирж, би уг хүн ба түүний хөршийн хоорондохыг шүүн, Бурханы зарлиг болон хуулиудыг мэдүүлдэг гэв.

17 Мосегийн хадам эцэг түүнд—Чиний хийж байгаа зүйл чинь сайн биш юм.

18 Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй.

19 Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир.

20 Тэгээд тэдэнд зарлиг болон хуулиудыг зааж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл.

21 Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавь.

22 Тэд ард түмнийг бүхий л цагт шүүг. Аливаа том хэргийг тэд чамд авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд хялбар болно.