Египетээс Гарсан Нь 36:8-14 АБ2004

8 Ажлыг гүйцэтгэж байсан хүмүүсийн дундаас бүх урчууд нь арван бүрээстэй асрыг хийв. Безалел тэдгээрийг нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар уран хүний урлал болох херубуудын хамт бүтээжээ.

9 Бүрээс нэг бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээснүүд ижил хэмжээтэй байв.

10 Тэр таван бүрээсийг нэг нэгтэй нь холбоод, нөгөө таван бүрээсийг нэг нэгтэй нь холбов.

11 Эхний хэсгийн гадна талын бүрээсийн захад хөх өнгийн гогцоо хийж, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсэнд мөн үүнчлэн хийлээ.

12 Тэрээр нэг бүрээсэнд тавин гогцоог, хоёр дахь хэсгийн бүрээсний захад тавин гогцоо хийв. Гогцоонууд бие биенийхээ харалдаа байв.

13 Тэгээд тэр тавин алтан гархи хийж, бүрээснүүдийг хооронд нь гархинуудаар холбосон тул асар нь нэг болов.

14 Мөн асрын дээгүүрх майханд зориулан тэрээр ямааны хялгасаар бүрээснүүд хийв. Тэр нийтдээ арван нэгэн бүрээс хийсэн байлаа.