24 Тэнд үндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд үргэлжлүүлэн гал цахилж байлаа.
25 Египетийн нутаг даяар хээр байсан хүн, малыг бүгдийг нь мөндөр цохив. Мөн тариалангийн бүх ургамлыг цохиж, хээрийн бүх модыг хугачив.
26 Зөвхөн Израилийн хөвгүүдийн амьдарч байсан Гошен газарт мөндөр орсонгүй.
27 Мосе, Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд—Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН бол зөв шударга. Би болон миний ард түмэн бузар муу билээ.
28 ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга, мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар цаашид энд үлдэхгүй гэж хэлэв.
29 Мосе түүнд—Би хотоос гармагцаа гараа ЭЗЭН уруу сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно.
30 Гэхдээ та болон таны зарц нар одоогоор ЭЗЭН Бурханаас айхгүй байгаа гэдгийг би мэдэж байна гэж хэлэв.