Естер 2:11-17 АБ2004

11 Тэгээд Мордехаи өдөр бүр хааны эхнэрүүдийн байрны хашааны өмнүүр Естерийн ямар байгааг болон юу болж байгааг мэдэх гэж урагшаа хойшоо холхидог байв.

12 Залуу эмэгтэй бүрийн хаан Ахашверош уруу очих ээлж болоход тэр эмэгтэйчүүдэд зориулагдсан арван хоёр сарын гоо сайхны үйлчлэлийг гүйцээх ёстой байв. Мирийн тосны зургаан сар, мөн эмэгтэйчүүдийн үнэртэн ба оо энгэсгийн зургаан сар ажээ.

13 Залуу эмэгтэй нь хаан уруу ийм байдлаар орох ёстой. Эмэгтэйчүүдийн байрнаас хааны ордон уруу түүний авч явахыг хүссэн бүхэн нь түүнд өгөгдөх юм.

14 Орой нь тэрээр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь байр уруу буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын халамжинд очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ.

15 Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөснөөс өөр зүйлийг тэр гуйсангүй. Тэгээд Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов.

16 Ингээд Естерийг Ахашверошийн хаанчлалын долоо дахь жилийн Тебет буюу аравдугаар сард хааны ордонд Ахашверош хаан дээр авчрав.

17 Хаан Естерийг бүх эмэгтэйчүүдээс илүү хайрлаж, Естер түүний таалал хийгээд энэрлийг бусад бүх онгон охидоос илүү олсон тул хаан хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов.