1 Хаан тэр шөнийн туршид унтаж чадсангүй тул бичлэгийн ном, он дарааллын бичгийг авчрах тушаал өгч, тэдгээрийг хааны өмнө уншив.
2 Тэндээс сахиул байсан тайгануудын хоёр нь болох Бигтана, Гереш нарын талаар болон хаан Ахашверошт халдах гэсэн тэдний оролдлогын талаар Мордехаин мэдээлэл бичигдсэн байсныг олов.
3 Тэгээд хаан—Үүний төлөө Мордехаид ямар нэр алдар болон хүндэтгэл олгосон бэ? гэхэд хажууд нь байсан хааны зарц нар, түүнд—Түүний төлөө юу ч хийгээгүй байгаа гэв.
4 Хаан—Ордонд хэн байна вэ? гэв. Тэгэхэд Хаман Мордехаид бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны ордны гадаад өргөөнд дөнгөж орж ирээд байв.
5 Хааны зарц нар түүнд—Үзэгтүн! Хаман ордон дотор зогсож байна гэхэд хаан—Түүнийг оруул! гэв.
6 Тэгээд Хаман орж ирэхэд хаан—Хааны хүндэтгэл үзүүлэхийг хүсэж буй хүний төлөө юу хийх ёстой вэ? гэхэд Хаман өөртөө “Хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ?” гэж өгүүлэв.
7 Тэгээд Хаман хаанд—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд
8 хааны өмссөн дээл, толгойд нь хааны титэм тавьсан хааны унаж байсан морийг тэднээр авчруулж,
9 дээл болон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч, хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнийг хувцаслуулаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж, өмнө нь “Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнд ийн үйлдэгдэнэ” хэмээн тунхаглаг! гэв.
10 Тэгэхэд хаан Хаманд—Өөрийнхөө хэлснээр дээл болон морийг түргэн авч, хааны хаалганы дэргэд сууж буй иудей хүн Мордехаид тийн үйлд! Өөрийнхөө хэлсэн бүх зүйлээс алийг нь ч бүү орхи! гэв.
11 Тиймээс Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн, өмнө нь—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж буй хүнд ийн үйлдэгдэнэ гэж тунхаглав.
12 Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцав. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудаж, гэр уруугаа яарав.
13 Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх нөхдөдөө ярив. Тэгэхэд түүний мэргэн хүмүүс болон эхнэр Зереш нар—Мордехаи иудей гаралтай бол, чи түүний өмнө доройтож эхэлсэн учир чи түүнийг дийлж чадахгүй, харин лавтай унах болно гэв.
14 Тэднийг түүнтэй ярьж байх үед, хааны тайганууд хүрэлцэн ирж, Хаманыг Естерийн бэлдсэн найранд яаран авч одов.