Езекиел 1:13-19 АБ2004

13 Амьд биесийн голд, галд шатаж буй нүүрс мэт, амьд биетнүүдийн дунд нааш, цааш хөдөлж буй бамбарууд мэт харагдах нэг юм байв. Гал нь гэрэлтэй байсан ба тэр галаас аянга гялбаж байв.

14 Амьд биес аянгын сумнууд мэт нааш цааш гүйлдэж байв.

15 Намайг амьд биесийг харж байхад, харагтун, тэдгээр дөрвөн амьд биесийн дэргэд, дөрвүүлэнгийнх нь тус бүрд зориулагдсан нэг дугуй газар дээр байв.

16 Дугуйнуудын гадна төрх болон хийц нь гялалзсан биндэрьяа мэт бөгөөд тэд дөрвүүл адил хэлбэртэй байв. Тэдний гадна төрх ба хийц нь нэг дугуй нөгөө дугуйны дотор байгаа мэт байв.

17 Тэд хөдлөх бүрдээ өөрсдийн дөрвөн зүгийн аль нэгэн уруу чиглэн явж, хөдлөх үедээ тэд эс эргэнэ.

18 Тэдний мөөрнүүдийн хувьд гэвэл, тэд сүрлэг болоод аймшигтай бөгөөд тэр дөрвөн дугуйны мөөрнүүдийг тойрон дүүрэн нүд байв.

19 Амьд биес хөдлөх бүрд дугуйнууд тэдэнтэй хамт хөдөлж, мөн амьд биес газраас дээш өргөгдөх бүрд дугуйнууд ч бас өргөгддөг байв.