1 Дараа нь тэр намайг өргөөний хаалганд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг уруу ус урсан гарч байв. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө талаас урсаж байв.
2 Тэр намайг хойд дааман хаалгаар гадагш гаргаж, тойруулан зүүн тийш харсан гаднах хаалга уруу дагуулан явав. Харагтун, ус өмнө талаас алгуурхнаар урсаж байв.
3 Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав.
4 Тэр дахин нэг мянгыг хэмжиж, намайг өвдгөнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин мянгыг хэмжиж, намайг бүсэлхийд тулсан усан дундуур дагуулав.
5 Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гатлаж чадахааргүй гол байв.
6 Тэр надад—Хүний хүү чи үүнийг харав уу? гэв. Дараа нь тэр намайг голын эрэгт буцаан аваачив.
7 Намайг буцаж ирсэнд, харагтун, голын эрэг дээр нэг талд ба нөгөөд маш олон мод байв.
8 Дараа нь тэр надад айлдахдаа—Энэ ус зүүн нутаг уруу урсаж, Араба уруу уруудан очиж байгаа юм. Дараа нь тэд далайд цутгагдахаар далайн зүг урсаж, далайн ус нь цэнгэг болдог.
9 Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байх болно. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно.
10 Загасчид түүний дэргэд зогсох болно. Енгедигээс Енеглаим хүртэл тор тавих газар байх болно. Тэдгээрийн загас нь төрөл зүйлсээрээ Их Тэнгисийн загас адил үлэмж их болно.
11 Гэвч түүний намгууд ба балчиг газрууд цэвэр болохгүй. Давснаас болж тэдгээр нь орхигдох болно.
12 Голын хажуугаар эрэг дээр, нэг талд ба нөгөө талд нь хоол хүнсэнд зориулах бүх төрлийн модод ургах болно. Тэдний навчнууд хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргах болно. Учир нь тэдгээрийн ус нь ариун газраас урсан гарч байгаа бөгөөд тэдгээрийн жимс нь хүнс болж, тэдгээрийн навч нь эдгэрэлтийн төлөө байх болно гэв.
13 Эзэн БУРХАН ийнхүү айлдав.—Та нар Израилийн арван хоёр овгуудын дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой.
14 Та нар үүнийг өв болгон нэг бүрийг нөгөөтэй нь тэнцүү хуваах ёстой. Учир нь үүнийг та нарын өвөг дээдэст өгөхөөр Би тангарагласан бөгөөд энэ газар та нарт өв болон очих ёстой.
15 Энэ газрын хил нь энэ байх болой. Хойд талд, Их Тэнгисээс Хетлоны замаар Зедадын хоолой хүртэл,
16 Дамаскийн хил болон Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим болон Хаурагийн хилийн дагуу байх Хазер-хаттикон юм.
17 Хил нь далайгаас Дамаскийн хил дэх Хазар-енанд хүртэл үргэлжилж, хойд талд хойшоо Хаматын хил хүрэх ёстой. Энэ бол хойд тал билээ.
18 Зүүн талд Хауран, Дамаск, Гилеад ба Израилийн газрын хоорондоос Иордан байх болой. Хойд хилээс дорнын далайг хүртэл та нар хэмжих ёстой. Энэ бол зүүн тал юм.
19 Өмнөд талд урагшаа Тамараас Мерибат-кадешийн усыг хүртэл үргэлжлэн, Египетийн горхи болон Их Тэнгист хүрэх ёстой. Энэ бол урагшаа өмнөд тал юм.
20 Баруун талд Их Тэнгис байх бөгөөд өмнөд хилээс Лебо-хаматын эгц харалдаа хүрэх ёстой. Энэ бол баруун тал юм.
21 Ийнхүү та нар Израилийн овгуудын дагуу энэ газрыг өөрсдийнхөө дунд хуваагтун.
22 Та нар өөрсдийнхөө дунд болон та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн, та нарын дотор суугч харийнхны дунд үүнийг өв болгон шавга татан хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилийн хөвгүүдийн дунд уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилийн овгуудын дунд та нартай хамт тэдэнд оногдох болно.
23 Харь хүний сууж буй овог дотор нь та нар түүнд өвийг нь өгөх ёстой гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.