Езекиел 11:13-19 АБ2004

13 Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унан, чанга дуугаар хашхиран—Ээ халаг, Эзэн БУРХАН. Та Израилийн үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэв.

14 Тэгэхэд ЭЗЭНий үг надад ирж,—

15 Хүний хүү, чиний ах дүү нар, чиний хамаатан, чамтай хамт цөлөгдөгсөд, Израилийн бүхэл гэр, тэд бүгдэд, Иерусалимын оршин суугчдад “ЭЗЭНээс хол явагтун. Энэ газар нь бидэнд эзэмшил болгон өгөгдсөн юм” хэмээн өгүүл.

16 Тиймээс “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч Би тэдний очсон улсуудад түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв»”.

17 Тиймээс “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би та нарыг ард түмнүүдээс цуглуулж, та нарын тараагдсан улсууд дотроос та нарыг буцаан авчрах бөгөөд Израилийн газрыг Би та нарт өгнө»”.

18 Тэднийг тэнд ирэх цагт тэд хамаг жигшүүрт юмс болон хамаг бузар юмсаа тэндээс зайлуулна.

19 Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Би тэдний махан биеэс чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг өгнө.