Езекиел 16:2-8 АБ2004

2 Хүний хүү, Иерусалимд өөрийнх нь жигшүүрт юмсыг мэдүүлж,

3 хэлэгтүн. “Эзэн БУРХАН Иерусалимд ийнхүү айлдаж байна. «Чиний уг гарал хийгээд чиний төрөлт нь канаанчуудын газраас бөгөөд чиний эцэг бол амори хүн, чиний эх бол хит хүн байсан.

4 Чиний төрөлтийн хувьд гэвэл, чамайг төрсөн өдөрт чиний хүй ч таслагдаагүй, цэвэрлэхийн тулд чамайг усаар ч угаагаагүй. Чи давсаар ч үрүүлээгүй, даавуугаар ч өлгийдүүлээгүй.

5 Чамайг өрөвдөн эдгээр үйлийн нэгийг ч болов чамд үйлдэхээр нэг ч нүд чамайг энэрэн хараагүй. Харин чамайг хээр талд хаясан. Учир нь чи төрсөн өдөртөө жигшигджээ.

6 Би чиний дэргэдүүр өнгөрч, чамайг цусандаа тийчлэн байхыг харсан үед, чамайг цустай хэвээр байхад чинь Би чамд “Амьдар” хэмээсэн. Чамайг цустай хэвээр байхад чинь Би чамд “Амьдар” хэмээн айлдсан билээ.

7 Би чамайг хээрийн өвс ногоо адил тоо томшгүй болгов. Тэгээд чи өсөөд, өндөр болж, сайхан чимэглэл зүүх насанд хүрчээ. Хөх чинь ургаж, үс чинь ургаж гүйцэв. Гэсэн ч чи нүцгэн, шалдан байв.

8 Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, харагтун, чи хайрлуулах насан дээр байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж чиний нүцгэнийг бүтээсэн. Би бас чамд тангараглан, чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.