Езекиел 20:6-12 АБ2004

6 тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газруудын алдар нь болох сүү балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав.

7 Би тэдэнд ”Та нарын хүн бүр өөрийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн” гэж айлдсан.

8 Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонсохыг хүсээгүй. Тэд өөрсдийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулахгүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан Өөрийн уурыг гүйцээхийн тулд Өөрийнхөө хилэнг тэдний дээр цутгахаар шийдсэн.

9 Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн.

10 Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан.

11 Би тэдэнд Өөрийн тогтоолуудыг өгч, Өөрийн зарлигуудын тухай, хэрвээ хүн тэдгээрийг биелүүлбэл амьдарна хэмээн тэдэнд мэдүүлэв.

12 Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН мөн гэдгийг тэдэнд мэдүүлэхээр Би болон тэдний хооронд тэмдэг болгож, Би Өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн.