Езекиел 22:18-24 АБ2004

18 Хүний хүү, Израилийн гэр Надад хаягдал хольц болов. Тэд бүгд зуухан дахь хүрэл, тугалга, төмөр ба хар тугалга бөгөөд мөнгөний хольц юм.

19 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нар бүгд хольц болсон учир харагтун, Би та нарыг Иерусалимын голд цуглуулах гэж байна.

20 Тэд мөнгө, хүрэл, төмөр, хар тугалга, тугалгыг галаар хөөрөгдөн хайлуулахаар зууханд цуглуулдгийн адил Би Өөрийн уур ба Өөрийн хилэнгээр та нарыг цуглуулж, та нарыг тэнд байлгаж хайлуулна.

21 Би та нарыг цуглуулж, Өөрийн хилэнгийн галаар та нарыг үлээж, та нар түүний голд хайлуулагдах болно.

22 Мөнгө зуухан дотор хайлуулагддагийн адил та нар ч түүний голд хайлуулагдана. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ асгасан гэдгийг та нар мэдэх болно”.

23 ЭЗЭНий үг надад ирж,—

24 Хүний хүү түүнд хэл. “Чи бол зэвүүцлийн өдөрт цэвэршээгүй, услагдаагүй газар юм.”