Езекиел 22:20-26 АБ2004

20 Тэд мөнгө, хүрэл, төмөр, хар тугалга, тугалгыг галаар хөөрөгдөн хайлуулахаар зууханд цуглуулдгийн адил Би Өөрийн уур ба Өөрийн хилэнгээр та нарыг цуглуулж, та нарыг тэнд байлгаж хайлуулна.

21 Би та нарыг цуглуулж, Өөрийн хилэнгийн галаар та нарыг үлээж, та нар түүний голд хайлуулагдах болно.

22 Мөнгө зуухан дотор хайлуулагддагийн адил та нар ч түүний голд хайлуулагдана. Тэгээд ЭЗЭН Би та нарын дээрээс хилэнгээ асгасан гэдгийг та нар мэдэх болно”.

23 ЭЗЭНий үг надад ирж,—

24 Хүний хүү түүнд хэл. “Чи бол зэвүүцлийн өдөрт цэвэршээгүй, услагдаагүй газар юм.”

25 Тэнд олзоо зулгааж буй архирагч арслан адил түүний голд түүний эш үзүүлэгчдийн хуйвалдаан байна. Тэд амиудыг залгилсан. Тэд эрдэнэс болон үнэт зүйлсийг авчихсан. Тэд түүний голд бэлэвсэн эхнэрүүдийг олноор бий болгов.

26 Түүний тахилч нар Миний хуулийг хэрцгийгээр зөрчиж, Миний ариун юмсыг бузарлав. Тэд ариун болон жигшүүрийг хооронд нь эс ялган, бузар болон цэврийн ялгааг заасангүй. Тэд Миний амралтын өдрөөс нүдээ нууж, Би тэдний дунд жигшигдсэн юм.