14 Тиймээс Сүнс намайг өргөж, зайлуулан авсан. Би өөрийн сүнсний уур хилэн дотор гаслан явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв.
15 Тэгээд би Тел-абиб дахь Хебар голын дэргэд амьдарч байсан цөлөгдөгсөд уруу ирж, тэдний амьдарч байсан газарт долоо хоног сууж, тэдний дунд айдас төрүүлж байв.
16 Долоо хоногийн эцэст ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа—
17 Хүний хүү, Би чамайг Израилийн гэрийн харуулаар томиллоо. Чи Миний амнаас үг сонсох бүрд, Миний өмнөөс тэдэнд сануулгыг өг.
18 Би хорон муу явдалтанд “Чи заавал үхнэ” хэмээн айлдах үед хэрэв чи түүнд сануулалгүй, эсвэл амьдрахын тулд хорон муу замаасаа эргэх ёстойг хорон муу явдалтанд сануулан хэлэхгүй аваас, тэр хорон муу явдалтан өөрийн гэм буруу дотор үхэх болно. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ.
19 Гэсэн ч хэрэв чи хорон муу явдалтанд сануулсан ч тэрээр хорон муу явдлаасаа, хорон муу замаасаа эргэхгүй аваас, тэр өөрийн гэм буруу дотор үхэх болно. Харин чи өөрийгөө аварсан юм.
20 Дахиад хэрэв зөвт хүн өөрийн зөвт байдлаас эргэж гэм бурууг үйлдэх бөгөөд Би түүний өмнө саад тавих аваас, тэр үхэх болно. Чи түүнд сануулаагүй учир тэр өөрийн нүглийн дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ.