Езекиел 32:16-22 АБ2004

16 Энэ бол гашуудал бөгөөд тэд үүнийг дуулах ёстой. Үндэстнүүдийн охид үүнийг дуулах ёстой. Египет болон түүний хамаг олон түмний төлөө тэд үүнийг дуулах ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

17 Арван хоёр дахь жилийн тэр сарын арван таванд ЭЗЭНий үг надад ирж,—

18 «Хүний хүү, Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг болон хүчирхэг гүрнүүдийн охидыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцөд буулга.

19 “Чи үзэсгэлэнгээрээ хэнээс давуу вэ?Доош явж, хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт ороо зас”.

20 Тэд илдэнд алагдагсдын дунд унах болно. Тэр улс илдэнд тушаагдсан юм. Тэд түүнийг болон түүний бүх олон түмнийг аваад явсан.

21 Хүчтэнүүдийн дотроос хүчтэн нь тэр улс ба түүний туслагчдын тухай Үхэгсдийн орны дундаас ярьж, “Тэд доош явсан, тэд илдэнд алагдсан хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт хөдөлгөөнгүй хэвтэж байна”.

22 Ассири болон түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ.