Езекиел 33:25-31 АБ2004

25 Тиймийн тулд тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүд уруугаа нүдээ өргөн, цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?

26 Та нар өөрсдийн илдэнд найдаж, жигшүүрт хэргийг үйлдэн, та нарын хүн бүр хөршийнхөө эхнэрийг бузарладаг. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?»”.

27 Чи тэдэнд ийнхүү хэлэх ёстой. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр балгаснуудад буй хүмүүс нь илдэнд унаж, хээр талд буй хүмүүсийг Би араатнуудад тастчуулахаар өгч, цайз болон агуйд буй хүмүүс нь тахлаар үхэх болно.

28 Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилийн уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө.

29 Тэдний үйлдсэн хамаг жигшүүрт үйлсээс нь болж Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгох үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»”.

30 «Хүний хүү чиний хувьд гэвэл, чиний тухай хэрмийн дэргэд болон гэрүүдийн үүдэнд ярилцаж, өөр зуураа болон ах дүүтэйгээ хэлэлцдэг чиний нутгийнхан “Одоо ирэгтүн, ЭЗЭНээс ямар үг гарахыг сонс” хэмээн өгүүлж байна.

31 Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн мэт чиний өмнө сууж, чиний үгийг сонсох болно. Гэвч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь тэд өөрсдийн амаар гаргасан тачаангуй хүслүүдээ үйлдэж, тэдний зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.