Езекиел 36:21-27 АБ2004

21 Гэвч Израилийн гэр нь очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө Би санаа тавьлаа.

22 Тиймийн тул Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн гэр ээ. Би үйлдэл хийх гэж байгаа нь та нарын төлөө бус, харин та нарын очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө юм.

23 Үндэстнүүдийн дунд бузарлагдсан, тэдний дунд та нарын бузарласан Миний агуу нэрийн ариун байдлыг Би хамгаалах болно. Тэдний нүдэн дээр Би та нарын дунд Өөрийгөө ариун хэмээн батлах үед үндэстнүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

24 «Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгуудаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.

25 Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь болон хамаг шүтээнүүдээс чинь цэвэрлэх болно.

26 Түүнээс гадна, Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна. Би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө.

27 Би Өөрийн Сүнсийг та нарын дотор оруулж, та нарыг Өөрийн тогтоолуудаар явуулна. Та нар Миний зарлигийг сахихад анхаарах болно.