Езекиел 40:41-47 АБ2004

41 Дааман хаалганы дэргэд хоёр талд дөрвөн ширээ байсан буюу өөрөөр хэлбэл тахилыг нядлах найман ширээ байжээ.

42 Шатаалт тахилд зориулан цавчмал чулуун дөрвөн ширээ байсан бөгөөд урт нь нэг тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой байв. Дээр нь тэд шатаалт тахил болон тахилыг нядлахад хэрэглэдэг зэвсгийг тавьдаг аж.

43 Байшин дотор эргэн тойронд алганы энгийн урттай давхар шүдтэй дэгээнүүд суулгагдсан байв. Ширээнүүд дээр өргөлийн мах байлаа.

44 Дотоод дааман хаалганы гадна, дотоод хашаан дотор хоёр танхим байв. Тэдгээрийн нэг нь хойд дааман хаалганы хажууд нүүрэн тал нь өмнө зүг уруу харсан бөгөөд нөгөө нь зүүн дааман хаалганы хажууд хойд зүг уруу харж байв.

45 Тэр надад—Энэ өмнө зүг уруу харсан танхим бол сүмийн үүргийг сахидаг тахилч нарт зориулагдсан билээ.

46 Харин хойд зүг уруу харсан танхим бол тахилын ширээний үүргийг сахидаг тахилч нарт зориулагдсан юм. Тэд бол Левийн хөвгүүдээс ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртож ирсэн Задокийн хөвгүүд билээ гэв.

47 Тэрээр хашааг хэмжихэд урт нь зуун тохой, өргөн нь зуун тохой шоо дөрвөлжин байв. Тахилын ширээ нь сүмийн урд талд байв.