Езекиел 41:20-26 АБ2004

20 Газраас үүдний дээд хүртэл, мөн гол танхимын хананд херубууд болон далдуу моддыг сийлсэн байв.

21 Гол танхимын хаалганы хүрээнүүд нь дөрвөн өнцөгт байв. Ариун газрын өмнөх талын хувьд гэвэл нэг хаалганы хүрээний дүрс нь нөгөөгийнхтэй адил байв.

22 Тахилын ширээ нь модон бөгөөд гурван тохой өндөр, хоёр тохой урт байв. Түүний булангууд, түүний суурь ба түүний хажуу талууд ч модон ажээ. Тэрээр надад—Энэ бол ЭЗЭНий өмнө буй ширээ мөн хэмээн өгүүлэв.

23 Гол танхим болон ариун газар тус бүр хоёр хаалгатай байв.

24 Хаалга тус бүр нь хоёр эвхмэл хавтастай байв. Нэг хаалганд хоёр хавтас байсан ба нөгөө хаалганд ч хоёр хавтас байв.

25 Мөн гол танхимын хаалганд нь хананууд дээр сийлсэнтэй адил херубууд, далдуу модод сийлэгдсэн байв. Гадна талд үүдний танхимын өмнө модон босго байв.

26 Үүдний танхимын хоёр талын хананд сараалжин цонхнууд болон далдуу модод байв. Өргөөний хажуугийн танхимууд болон босгонууд ч тийм байв.